Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс хамтран зохион байгуулдаг “Хүрээ цам Даншиг наадам 2024” өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн Даншиг наадам нь нийт Монгол туургатны өвөрмөц онцлог, соёлыг сурталчлан таниулахад анхаарч байгаагаараа онцлог болж буй гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар наадмыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.Баяр наадмын эхний өдөр Цам харайх ёслол, Жороо морьдын уралдаан, Их насны морьдын уралдаан, Үндэсний сурын харвааны тэмцээн, шагайн харвааны тэмцээн, морьт харваа, сээр цохих тэмцээнүүд зохион байгуулагдсан бол дараагийн өдөр нь Соёолон насны морьдын уралдаан, Унзад голч нарын тэмцээн, Номын мэтгэлцээн, балин тосон урлалын тэмцээн, Их эзэн Чингис хааны тахилга, Очирваань бурхны тахилгыг зохион байгууллаа. Мөн энэ жилийн Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглосон бол , 64 бөх ӨвөрМонгол 64 бөх Буриад бөхийн төрлөөр барилдлаа. Түүнчлэн 9н дүүргийн ардын авьяастнууд хоёр өдрийн турш Бөмбөрцөг театрт хуран цугласан зочдод урлагийн тоглолт үзүүллээ.Энэ үеэр Нийслэлийн залуучуудын соёлын наадмыг зохион байгуулав.
Мөн Улаанбаатар 385 түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн толилуулан, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид үндэсний хэв маягийг агуулсан бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байлаа.