Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран 2024 оны 05-р сарын 25-27 ны өдрүүдэд Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т “Тэнгэр Дэлхийн Бөөгийн фестиваль 2024”-ийг зохион байгуулах гэж байна. Уг фестиваль нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол ард түмний уламжлалт ёс заншлын салшгүй чухал соёлын өв болох бөө мөргөл, зан заншил, нүүдэлчин аж ахуй, язгуур урлаг, эрийн гурван наадам, түүх, соёл, Монголын бүх гайхамшигт зүйлсийг Дэлхийн бүх улс үндэстэнд болон Монголын ард түмэндээ нэг дор түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Дэлхийн бөөгийн фестиваль энэ жил хоёр дохь жилдээ болж байгаа бөгөөд Монголын үндэсний биет болон биет бус бүх ӨВ СОЁЛЫГ ДЭЛХИЙН болон МОНГОЛЫН АРД ТҮМЭН, үр хойчдоо түгээн дэлгэрүүлэх, хадгалан өвлүүлэх, ОЛОН УЛСЫН ЖУУЛЧДАД Монголд зочлох сонирхолыг нэмэгдүүлэх томоохон арга хэмжээ болох чухал ач холбогдолтой.
Фестивальд БНСУ, Франц, Швед,Швейцари, АНУ, Канадын уугуул индиан, Япон, Перу зэрэг 28 улсаас 200 гаруй бөө, манай улсаас 500 гаруй бөө оролцохоор бүртгүүлээд байгаа аж. Фестивалийн үеэр тухайн улсын бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлэхээс гадна нарны тахилга, бөөгийн туг сүлд залах ёслол, тэнгэрийн дуудлага зан үйл, галын тахилга болон олон улсын бөө нар өөр өөрсдийн улсын ёс заншил, бөө бөөллөгөө үзүүлбэр үзүүлэх юм. Энэ үеэр мөн 128 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, нум сум харвааны тэмцээн, шагайн наадгай, морьт харвааны үзүүлбэр явагдана.
2024-05-13