ХУРДАН МОРЬ ШИНЖХҮЙ: НУУЦ ШИНЖ

Манай малчин ардууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр дүнд хурдан морь таних, уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулж нэгэн зүйл сургуулийг бий болгожээ. Хурдан морийг шинжиж танина гэдэг тун бэрх, морь морины бие бялдраас болж шинж нь харилцан адилгүй байна. Гэвч нэг үүлдрийн адуунд тухайлбал монгол адуунд хурдан сайн морины шинж ерөнхийдөө ойролцоо байна. Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурван шинжээр шинжилнэ.

НУУЦ ШИНЖ

Морины шинжийн судрын “Чихэр амт “ хэмээх бүлэгт нууц шинжийн тухай тодорхой өгүүлсэн байна. Нууц шинж нь зөвхөн шүдэнд илрэнэ.Ер нь аливаа адууны яс чанар , хүч

чадал шүдэндээ илэрдгийг манай ард түмэн аль хэдийнээс анхааран мэдэж нас гүйцсэн адууны насыг шүдээр нь тогтоосоор ирсэн билээ.Биеийн гадаад болон дотоод аль ч эрхтнийг ажиглаад хэлж болохгүй энэ шинжийг нууц гэж нэрлэсэн нь туйлын зөв юм.Адууны нууц шинж маш олон бөгөөд тэр бүгд шүдний янз бүрийн тэмдгээр илэрнэ. Аливаа адууны шүд , цөгцөнд олон янзын хаг , гурви , толбо байдаг. Энд тэр олон шинж тэмдгийг цөмийг нь тоочихоос алгуурлан зөвхөн хурдан хурцад хамаарагдах шинжээс хорин нэгийг түүвэрлэн оруулав.

1. Торгон зул: Дээд голын шүдэнд нь буйлнаас эхлэн шүдний доод ирмэг хүртэл шахуу утас татсан мэт гурви байвал түүнийг ийнхүү нэрлэнэ. Энэ нь хурдан ,сайхан , явдалтай жороо сайвар морины шинж юм.

2. Төмөр таяа: Доод зургаан шүд хоорондоо зайтай гадагшаа сарвагархан байвал ийнхүү нэрлэнэ.

3. Хүүхэд тохой:Хэлний хэвтэш агуу бол ийнхүү нэрлэнэ.Энэ хоёрын аль аль нь цуцалтгүй давхих морины шинж юм.

4. Сүмбэ шагай: Доод захын шүдний өнгөнд нарийн дэрс мэт ясан тэмдэг байна.Нэг хар цагааны газар бага хурдан боловч татаж явбал газар холдох тусам хурд нэмэн өдөртөө цуцахгүй.

5. Сумт хэрэг: Дээд голын шүдэнд нь буйлнаас доош цав суусан мэт байна. Хар цагааны газарт их хурдан бөгөөд туулай зэрийг ч гүйцнэ.

6. Шүдний улаан зуваг: Доод шүдний ирмэгнээс дотуур цөгцнөөс гадуур завсраар энгэсэг түрхсэн мэт улаан тэмдгийг хэлнэ. Нэг шүдэнд байвал тав, зургаан зуун адууны тэргүүний тавд давхиж ирэх агаад хоёр шүдэнд байвал мянган агтанд тэргүүлнэ.

7. Шүдний шар зуваг: Доод шүдний ирмэгнээс дотуур цөгцнөөс гадуур цайвар шар тэмдэг бий. Хар цагааны газар хурдан.

8. Нарийн могойн нүд: Доод голын шүдний цөгцний дотор шар хараатай нүдэнд бэлэг бий.Таван хар цагааны газар хурдан.

9. Ногоон хаяа: Дээд захын хоёр шүдний нэгэнд буйланд бараг тулсан ногоон хаг бий . Тав,зургаан хар цагааны газар цуцахгүй хурдан.

10. Цэхэрт болд: Шүдний өнгөн дээр цагаан цагаан цэхэр тэмдэг бий. Сумт хэрэг мэт хурдан.Долоон хар цагааны газарт үл цуцна.Хүйтэн халуунд сайн. 11. Цагаан сувд: Зөвхөн

дээд шүдний өнгөнд сувд мэт ясан тэмдэг байвал цагаан сувд гэж нэрлэнэ. Амыг нь сул тавивал амархан цуцна. Татаж уралдвал хол найман хар цагааны газар сайн.

12. Зүг салаа: Дээд шүдэнд нарийн бяцхан , дөрвөн гурви бий .Хоёр хар цагаанд дунд зэрэг. Бага насандаа сайн.

13.Нарийн могой: Дээд захын шүдний захад нарийхан урт урт ясан гурви бий . Энэ нь дэлбэгэс Сумт хэрэг мэт түргэн бөгөөд татаж явбал сайн.

14. Тэв харц: Доод голын шүдний цөгцний дотор хар хараатай нүдэн бэлэг бий . Бага насны моринд манлай сайн.

15. Шоргоолжин тасархай: Доод шүдний цөгцний дундуур тасархай тэмдэг бий.Бага насны моринд их сайн.

16. Хайлс багана: Доод шүдэнд гурав дөрвөн ясан гурви бий.Хүйтэн өдөр сайн , дөрвөн хар цагаанд хурдална.Нартай халуун өдөр хоёр хар цагаанаас хэтрэхгүй.

17. Мөнгөн сэжиг: Доод шүдний дотор талд хоёр ясан гурви бий . Долоон хар цагааны газар хурдлах боловч турж байж давхина.

18. Хулсан таяа: Дээд шүдний голд ирмэг шахтал нимгэн шар хаг бий. Энэ бол их хурдны шинж мөн.

19. Цацал цацах: Доод шүдний буйланд ярлаг шахтал хоёр гурван хөх судал бий.Бага насанд эрхэм сайн шинж мөн.Их моринд зүгээр нэмэр

20. .Халтан халх: Дээд шүдний өнгөнд нь хөх тарлан,дундуур нь гялгар цагаан өнгөт тэмдэг бий.Гурван хар цагааны газар хурдан.Зуулгаж уралдвал холдоо улам сайн.

21. Тарлан зураг: Энэ нь улаан тарлан,шар тарлан хоёр янз.дээр өгүүлсэн улаан ба шар зувагнууд тарлан байвал ингэж нэрлэнэ.Шарлан тарлан зуваг нэг хар цагаанд,улаан тарлан зуваг дөрвөн хар цагаанд тус тус хурдан байна.Дээр дурдсан гадаад,дотоод нууц шинжүүд нэг моринд цогцолбоос эрхэм сайн хүлэг морин эрдэнэ гэгч тэр болой.Ихэнх шинж бүрдсэн морь байвал ажнай буюу сайн морь тэр мөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *