МОНГОЛЫН БҮХ ЦАГ ҮЕИЙН ШИЛДЭГ БӨХЧҮҮД

Орчин үеийн бөхийн төрлүүд манай улсад 1950-аад оны сүүл 60-аад эхээр орж ирсэн юм.

Чөлөөт бөх:
1958 онд ЗХУ-ын Днепропетровск хотын төмөр замын дээд сургууль төгсгөж ирсэн инженер Дамбын Дамдинсүрэн 1960 оны сүүлчээр төмөр замын техникумын сурагчид голлосон 16 хүнтэй чөлөөт бөхийн шинэ секцийг төмөр замчдын соёлын ордны спортын тэнхимд анхныхаа хичээлийг хийснээр Монголын чөлөөт бөхийн түүх эхэлсэн юм. Чөлөөт бөхөөр бид Олимпын наадмаас 4 мөнгө, 5 хүрэл ДАШТ-ээс 7 алт, 20 мөнгө, 30 хүрэл медаль тус тус хүртэж байсан. /2017 оны 9-р сарын байдлаар/

Жүдо бөх:
1960-аад оны дунд үед БНСЧСУ (тэр үеийн нэршлээр)-ын нийслэл Прага хот дахь Карлын нэрэмжит Их сургуулийн оюутан Л.Батмөнх, С.Цэвэгжав нар нь жүдо бөхийн барилдаанаар хичээллэсэн манай анхны залуучууд юм. Японы Кодоканы их сургуультай Ч.Машбат нөхдийн хамт холбоо барьж улмаар 1969 онд ОУЖБХ, Японы жүдо бөхийн холбоноос жүдо бөхийг хөгжүүлэх талаар анхны захидлыг илгээж байжээ. Жүдо бөхийн төрлөөр бид Олимпын наадмаас 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл тус тус хүртжээ. /2017 оны 9-р сарын байдлаар/

НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР
Монгол улсын анхны олимпын аварга (2008), анхны хос медальтан, жүдоч, Монгол улсын хөдөлмөрийн баатар (2008) бөгөөд гавьяат тамирчин (2008) Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төржээ. Тэрбээр жүдо бөхөөр 2008 оны Бээжингийн олимпын наадмын аварга, 2012 оны Лондонгийн олимпын наадмын мөнгөн медаль, 2017 оны Будапештийн ДАШТ-д хүрэл медаль, 2015 оны Астанагийн ДАШТ-д багийн төрөлд хүрэл медаль, Иньчонь 2014 азийн наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2014 онд алт, 2007 онд мөнгө, 2008, 2011 онуудад хүрэл медаль хүртэж байсан. Үндэсний бөхөөр 2013 оны улсын наадамд 6 даван шөвгөрч, Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2017 оны улсын наадамд 7 даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан болсон.

БАДМААНЯМБУУГИЙН БАТ-ЭРДЭНЭ
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нь 1964 оны 6 сарын 7-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Үндэсний бөхийн дархан аварга, улс төрч. Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 11 түрүүлж, 1 үзүүрлэж, 1985-2006 оны хооронд завсаргүй 22 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 12 түрүүлж 1 үзүүрлэсэн.

Тэрбээр мөн их спортоор хичээллэдэг байсан ба жүдо бөхөөр Азийн наадмаас 1 мөнгө (1990 Бээжин, БНХАУ – +95кг), 3 хүрэл (1990 – үнэмлэхүй, 1994 Хирошима, Япон – +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга болсон. Самбо бөхөөр Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984) болсон. Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.

ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ
Хорлоогийн Баянмөнх 1944 оны 2 сарын 2-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУлс (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор. Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 10 түрүүлж, 2 үзүүрлэн нийтдээ 27 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 8 түрүүлж 2 үзүүрлэсэн. Чөлөөт бөхөөр 1975 онд ЗХУ-ын Минскт зохиогдсон ДАШТ-ээс алтан медаль хүртсэн. 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод зохиогдсон зуны олимпоос мөнгөн медаль, 1971, 1974 оны ДАШТ-үүдээс тус тус мөнгөн медаль хүртсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга.

Самбо бөхөөр 1974 онд Улаанбаатарт болсон 2 дахь удаагийн ДАШТ-ий -100 кг-д түрүүлж, Монгол улсаас самбогийн спортоор төрсөн дэлхийн 3 дахь аварга болж байсан.1975 онд Минскт болсон ДАШТ-д ЗХУ-ын бөх Саид Рахимовт ялагдаж дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан. Сонгомол бөх 1973 онд Улаанбаатарт болсон бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн -100 кг-д түрүүлж алтан медаль, 1974 онд Тегеранд болсон Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

ДОЛГОРСҮРЭНГИЙН ДАГВАДОРЖ /АСАШЁОРЮҮ/
Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар Долгорсүрэнгийн Дагвадорж/Асашёорюү/ 1980 оны 9 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн сүмо бөх юм. Тэрээр сүмогийн 68 дахь , ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэхь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчи зиндаанд түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башёд (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. 2004 оноос 2007 он хүртэл Асашёорюү нь сүмогийн цорын ганц ёкозүна байсан. Түүний зодог тайлах ёслол 2010 оны 10 сарын 3-нд болжээ.

ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төржээ. Тэрээр 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын мөнгөн медаль, 2015 оны Астанагийн ДАШТ-ий хүрэл медаль, 2017 оны Будапештийн ДАШТ-д түрүүлж алтан медаль тус тус хүртсэн. Манай энэ цагийн шилдэг эмэгтэй бөхчүүдийн нэг билээ.

МӨНХБАТЫН ДАВААЖАРГАЛ /ХАКУХО/
М.Даваажаргал 1985 оны 3 дугаар сарын 11- нд Улаанбаатар хотноо Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбатын хэмээх таван хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлжээ. Арван таван настай байхдаа Япон улсыг зорьж анх сүмо бөхийн гараагаа эхэлсэн юм. Одоо Миагино дэвжээнд харъяалагдаг бөгөөд 2001-2004 он хүртэл доод зиндаанд барилдаж түрүүлэн улмаар 2004 оны дундаас дээд зиндаанд дэвшжээ. 2007 оны Нацү башёд 15 даван түрүүлж гадаадын дөрөв дэх, Монголын хоёр дахь, Японы 69 дэх их аварга болов. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны нэг шагнал тус тус хүртэж байсан юм.
Рекорд амжилтууд: /2017 оны 9-р сарын 10-ны байдлаар/

Сүмо бөхийн дээд зиндаанд одоогоор 39 удаа түрүүлээд байгаа нь рекорд амжилт юм. Мөн тэрээр хамгийн олон удаа ялагдалгүй түрүүлсэн (13 удаа), хамгийн олон удаа дараалж түрүүлсэн (Асашёорюү аваргатай цуг 7 удаа), хамгийн олон удаа ялсан (1050), дээд зиндаанд хамгийн олон удаа давсан (946), 1 жилийн турш хамгийн олон удаа ялсан (86 удаа) зэрэг рекорд амжилтыг эзэмшдэг.

ЗЭВЭГИЙН ОЙДОВ
Монгол улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга (1974, 1975), олимпийн мөнгөн медальт (1976), Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1949 оны 5 сарын 25-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. Тэрээр Монреаль 1976 олимпын наадмын мөнгөн медаль, 1974 оны Стамбул, 1975 оны Минскийн ДАШТ-үүдээс алт, 1977 онд Лозаннад болсон ДАШТ-ээс хүрэл медаль, 1974 оны Тегераны азийн наадмаас мөнгө, 1978 оны Бангкокын азийн наадмаас алтан медаль тус тус хүртэж байсан.
ЖИГЖИДИЙН МӨНХБАТ
Жигжидийн Мөнхбат 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн ба Монгол улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, олимпын мөнгөн медальт нэрт бөх юм.

Үндэсний бөхөөр улсын баяр наадамд 6 түрүүлж, 6 үзүүрлэж, нийтдээ 23 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 6 түрүүлж 4 үзүүрлэсэн. Ж.Мөнхбат нь Монгол улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

ДАРИЙН ДАМДИН
Дарийн Дамдин нь (1931-2002) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой үндэсний бөхийн тамирчин, мөн Гавьяат Жүжигчин цолтой циркийн жүжигчин юм. 1952 онд 6 давж улсын начин цол хүртсэн бол 1956 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртжээ. 1957 онд түрүүлэхэд нь улсын аварга цол хүртээлгүй “Улам нэмэх” чимэг өгчээ. 1958 онд 3 дахиа 9 давж түрүүлэн улсын аварга, 1959 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1960 онд 9 давж түрүүлэн дархан аварга цол хүртжээ. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга юм. Маш хурдан шуурхай барилддагаараа алдартай аварга байсан тул бөхийн тайлбарлагчид «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л хэлж амждаг байсан гэдэг.

СОРОНЗОНБОЛДЫН БАТЦЭЦЭГ
Монгол улсын хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг 1990 оны 3 сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төрсөн. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2008 оноос “Замчин” клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд “Хилчин” спорт хороонд харьяалагдаж байна. Лондон 2012 олимпын наадмаас хүрэл медаль, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медаль, азийн аварга болж байсан.

ХАШБААТАРЫН ЦАГААНБААТАР
Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар нь 1984 оны 3 сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. Тэрбээр 2004 оны Афины олимпийн наадмаас хүрэл, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2015 оны ДАШТ-ий багийн төрөлд хүрэл медаль, Доха 2006 азийн наадмын аварга, 2003, 2005 оны ази тивийн аварга, 2007, 2008, 2011 онуудад ази тивийн аваргын мөнгө, 2004 онд азийн тивийн аваргын хүрэл медаль хүртэж байсан. Мөн Самбо бөхийн Дэлхийн хошой аварга (2005, 2009) болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *