Өнөө жилийн наадмаар хүлээлтээс доогуур барилдсан ДОЛООН бөх

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан өчигдөр өндөрлөсөн билээ. Өнөө жил М.Бадарч улсын арслан, Ц.Бямба-Отгон улсын гарьд, Г.Ганхуяг, С.Сүхбат нар улсын харцага, Э.Ууганбаяр, Д.Тогтохжаргал, Л.Отгонбаатар нар улсын начин цолонд хүрч, хотол даяараа өргөн дэлгэр сайхан наадлаа. Бид өнөө жилийн наадмаар хүлээлтээс доогуур даваанд унасан ДОЛООН бөхийг онцолж байна.

Улсын арслан Баярсайханы Орхонбаяр

Нас залуу түүнд итгэл найдвар ч төдий их байлаа. Тэрээр арслан цолонд хүрсэн цагаасаа хойш улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригтбаатар нарын ердөө гурван бөхөд л өвдөг шороодоод байв. Б.Орхонбаяр тавын даваанд улсын заан Б.Батмөнхийг амласан нь дээгүүр даваанд зүтгэж барилдахаа зарласан явдал байлаа. Гэвч тэрээр зургаагийн даваанд шагай шиг биетэй ч, элдэвтэй барилддаг Ховд аймгийн арслан Г.Ганхуягийг амлаж барилдаад унасан юм.

Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий

Баргийн мэхэнд барьц алддаггүй, тун нягт барилддаг Б.Бат-Өлзий зааныг хазайлгана гэдэг ямар ч бөхөд бэрх даваа. Ялангуяа дүүрэн барьцанд хүрчихсэн үед барилдаан түүнийх боллоо л гэсэн үг.

Сар шинийн барилдаанд түрүүлж, мөн гуравдугаар сард хоёр өдөр дараалан зодоглохдоо хоёуланд нь түрүү, үзүүр булаалдсан зэрэг нь түүнийг өнөө жил хэр өнгөтэй байсныг бэлхэнээ илтгэх биз ээ. Тэрээр тавын даваанд аймгийн хурц арслан Э.Ууганбаярыг амлаж барилдсан. Хоёр бөхийн барилдаан үндсэндээ цаг гаруй үргэлжилсэн юм. Ахиад хэдхэн минут хамгаалахад л Б.Бат-Өлзий заан идэвхээр давах байсан ч, тэвчээр алдарсан уу, эсвэл барилдаанаа унаа, даваагаар шийдье гэж бодсон уу, ямартаа ч мордох гэж зүтгээд, хариу мушгиулж унасан билээ. Э.Ууганбаяр арслангийн хувьд, зааланд олон ч жил сайн барилдаж байгаа. Тэрээр энэ наадмын түрүү, үзүүрт яригдаж байсан бөхтэй тун ч тэвчээртэй барилдаж, улсын цолонд хүрсэн юм.

Улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

Өнөө жил Архангай аймаг түүхт ойгоо тэмдэглэнэ. Тиймээс наадмын өмнө ч бөхийн өлгий хэмээгддэг эл нутгаас төрийн наадмын түрүү бөх тодрох магадлал өндөр байсан. О.Мөнх-Эрдэнийн хувьд, өнөө жил тун ч өнгөлөг байлаа. Тэгээд ч арслан цолонд хүрэхэд байг гэх аргагүй, түүнд чац байна, ур байна. Харамсалтай нь, тэрээр тавын давааны төгсгөлд гурван бөхөөс улсын харцага Г.Бадрахыг амлаж барилдаад унасан юм. Сонирхуулахад,О.Мөнх-Эрдэнэ өнөө жил улсын наадмын дэвжээнд анх удаагаа аваргаас өөр цолтой бөхөд өвдөг шороодлоо.

Улсын харцага Батсүхийн Зоригтбаатар

Хөнгөн, түргэн барилдаантай Б.Зоригтбаатар харцагыг бөх сонирхогчид төрийн наадмын дээгүүр даваанд хардаг. Харцага цолоо нэгэнтээ баталж, заалны барилдаанд түрүү, үзүүрт хүртэл ноцолддог тэрээр өнөө жил харин хүлээлтээс доогуур даваанд өвдөглөлөө. Тодруулбал, дөрвийн даваанд нутгийн найз цэргийн арслан Л.Отгонбаатарт тахим буулгасан билээ.

Улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун

Ч.Батчулуун начинд угийн бөх шинж эвцэн зохицожээ. Түүний цочроо нь арилаад, цол нь багадаад байх шиг санагдах болсоор олон жил өнгөрөв. Сүүлийн жилүүдэд улам чангарч буй хоймор нутгийн шилдэг начин наадмаар харин өгсөхөө болилоо. Начин цолоо баталснаас хойших дөрөв дэх наадамдаа доогуур даваанд уналаа. Тэрээр өнөө жил гурвын даваанд Баянхонгор аймгийн арслан Б.Бат-Оршихыг амлаж, өвдөг шороодсон юм.

Улсын начин Доржхандын Хүдэрбулга

“Алтан цом”-ын цуврал барилдаануудад онцгой байсан бөх бол гарцаагүй Төв аймгийн харъяат улсын начин Д.Хүдэрбулга билээ. Тэрээр 2010-16 он хүртэлх хугацаанд зөвхөн чөлөөт бөхөөр дагнан бэлтгэлээ хийж, Азийн АШТ-ээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилттай. 2019 онд аймагтаа үзүүрлээд, Налайхын наадамд зургаа давж чимэг нэмсэн юм. Улмаар дараа жил нь буюу 2020 онд улсын начин цолонд хүрчээ. Д.Хүдэрбулга начинг өнөө жил цолоо ахиулах бөхийн тоонд харж байв. Гэвч тэрээр тавын даваанд энэ наадмын үзүүр бөх Ц.Бямба-Отгонтой тунаж барилдаад унасан юм.

Булганы зургаан начин

Өнгөрсөн жилийн наадмаас өдийг хүртэлх хугацаанд “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааныг Булганы начингууд чимж, уран, түргэн барилдаанаа шагшуулсан билээ. Тиймээс өнөө жилийн наадмаар тэднийг цолоо ахиулна гэж зон харж байв. Тэд бултаараа хүлээлтээс доогуур байлаа. Б.Түмэндэмбэрэл, Э.Сумъяабат, Б.Түвшинтөгс, Д.Амаржаргал нар гурвын даваанд амласан бөхдөө унасан бол дөрвийн даваанд Д.Амарсайхан, Д.Хүдэрбулга начинд, Х.Цогтгэрэл, Ц.Бямба-Отгон харцагад өвдөг шороодсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *