ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРОО ЭЭЛЖИТ ХУРЛАА МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРТ ХИЙЛЭЭ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо өнөөдөр ээлжит хурлаа хийлээ.Энэ жилийн баяр наадмын онцлог нь 2023 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хурдан морины уралдааныг жуулчдад үзүүлж, сонирхуулах боломжийг нэмэгдүүлэх талаар тодорхой саналуудыг тусгаж ажиллах нь чухал гэдгийг тус салбар хорооны Нарийн бичгийн дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт хурлын эхэнд онцлов.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдааны дүрмийг чанд баримталж, наадамчин олны тав тухыг хангах хүрээнд ажлын хэсгүүд уялдаа холбоотой ажиллах, ойрын хугацаанд Хүй долоон худагт хотхон босгох, ариун цэврийн байгууламжуудын асуудлыг бүрэн шийдэх зэргийг үүрэг болгов. Энэ үеэр салбар хорооны бүрэлдэхүүн тус тусын ажлын явцыг тайлагнаж, холбогдох санал зөвлөмжүүдээ уламжилсан юм.
Түүнчлэн Хурдан морины салбар хорооны орлогч дарга бэлтгэл бригадын генерал Б.Ганбаатар төр, засгаас даалгасан энэ ажлын ард амжилттай гарахын тулд хүн бүрийн сахилга бат, үүрэг оролцоо чухал хэмээгээд бүртгэл, хэмжилт, зохион байгуулалтын талаар зарим албан тушаалтанд чиглэл өглөө. Хурлын дараа салбар хорооны удирдлагууд хурдан морины уралдаан болох газар оронд ажилласан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *