Үндэсний сурын спортын мастер Д.Ренчинхандыг сониныхоо хойморт урьж ярилцлаа. -Таныг геологи, уул уурхайн мэргэжилтэй хүн гэж сонссон. Сур харваатай яаж холбогдсон юм бэ?
-Би 1941 онд Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн. Манай сум сур харвааны хөгжлөөр дээгүүрт ордог уламжлалтай. Үндэсний сурын спортын мастер 30 гаруй, улсын мэргэн 10 гаруй хүн манай сумынх байдаг. Гэхдээ үндэсний сураасаа илүү буриад сур их өргөн дэлгэрсэн. Би 1961 онд сумынхаа дунд сургуулийг төгсөөд Аж үйлдвэрийн яамны нэр дээр Эрхүүд таван жил суралцсан.
Тэгээд мэргэжлийнхээ дагуу ажиллахаар Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайд томилолтоор ирсэн дээ. Тэндээ 1972 он хүртэл ажиллаад яаманд уул уурхайн хэлтсийн даргаар томилогдсон. 1976 оны зургадугаар сард манай яам хоёр хуваагдлаа. Нэг хэсэг нь Түлш, эрчим хүчний яам болж, анхны Ерөнхийлөгч П.Очирбат сайдаар нь очсон. Харин би Геологи, уул уурхайн яаманд ажиллахаар үлдсэн. Энэ яаманд Уул уурхайн асуудал эрхэлсэн орлогч сайдаар 1992 он хүртэл ажилласан юм. Яаманд ажилладаг байхдаа л зав чөлөөгөөрөө харвадаг болсон юм.Хүн нэг харваад эхэлчих юм бол салж чаддаггүй
-Та нутгаасаа гарахаас өмнө харвадаг байсан уу?
-Үгүй ээ. Гэхдээ бусдын харваж байгааг их харна. Нум, сумтай айлын хүүхдүүд сонирхлоороо харвадаг л юм. Харин надад байхгүй болохоор харваж чадахгүй.
-Буриад сур үндэсний сураас юугаараа ялгаатай юм бэ?
-Харвах зай, бай нь өөр. Үндэсний сурыг эрэгтэйчүүд 75, эмэгтэйчүүд 65 метрт харвана. Хасааг нь ширээр зангидаж хийнэ. Энэ хасаагаа давхарлаж өрөөд сая миний хэлдэг зайнд харвана даа. Буриад сур болохоор хасаагаа даавуун эдлэлээр бүрж хийдэг. Хэмжээний хувьд арай богино, диаметр нь том. Голдуу 45 метрт харвана.
-Та үндэсний сурын холбоонд олон жил ажилласан байх аа?
-Үндэсний сурын холбоо 1959 онд байгуулагдсан гэж үздэг. Холбооны тэргүүн нь Д.Балдандорж гэж улсын мэргэн, Анагаахын дээд сургуулийн профессор мундаг хүн байлаа. Энэ хүн холбоогоо олон жил авч явсан. Би энэ хүний орлогч буюу дэд тэргүүнээр 20-иод жил ажилласан даа. Холбооны дэд тэргүүн хүн уралдаан тэмцээн хариуцдаг байлаа. Энэ хооронд сурыг хөгжүүлж, залуу харваачдыг олноор төрүүлэх юмсан гэж зүтгэж байв. 1970-аад оны сүүл, 1980-аад онд харваачид харьцангуй цөөхөн байсан. Улсын наадамд гэхэд 60-70, дээд тал нь 100 хүн л харвана. Харин одоо бол 500 гаруй харваач харваж байна. Сурын талбайдаа багтахаа больсон шүү дээ.
-Дээр үед сурын зай, хасаа одоогийнхтой ижил байсан уу?
-1960-аад онд одоогийнхтой ойролцоо болсон юм. Одоо бол хасаануудыг дээд тал нь дөрвөн үе өрдөг, урт нь гурван метр орчим байна. Харин өмнө нь хасаагаа их өндөр өрдөг байсан. Бараг метр шахуу давхарлаж тавиад харвана. Оноход хялбар байсан гэсэн үг.
-Та наадамд хэр олон жил харвасан бэ?
-Сурын холбоонд орж ирснээс хойш боломжоороо харвах болсон. Холбоонд удирдах алба хашиж байгаа хүн сур харвахгүй бол болохгүй шүү дээ. Гэхдээ айхтар мундаг харваач байгаагүй ээ. Улсын наадамд нэг л удаа айрагдсан юм байна. 1992 онд юм уу даа. Спортын мастерын болзлыг бол өмнө нь биелүүлж байсан. 40 сумнаас 32 онож байж мастерын болзол биелүүлэх ёстой.
-Айрагдсан жилээ хэд оносон бэ?
-33 оносон санагдаж байна. Тэр үед 34-36 оноход улсын наадамд түрүүлэх боломжтой байлаа. 40 сумнаас 36 онодог мэргэн их ховор байсан шүү. Харин үүнээс хойш харвааны хэрэгсэл сайжирч, тэр хэрээр харваачдын оноо ихэссэн юм. Нум, сум хийх технологи харьцангуй дэвшилттэй болсон гэх үү дээ. Нум сум ч элбэг болж ирсэн. 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхэн үед урдаас нум, сумаа оруулж ирдэг байлаа. Энд хийдэг хүн цөөхөн болохоор хаанаа ч хүрэхгүй. Нэг нумыг бүтэн жил хийдэг болохоор хэцүү л дээ. Одоо нум, сум хийдэг хэдэн хүн бий. Харвах сонирхолтой залуусын тоог нэмэгдүүлье гэвэл нум, сумаар л хангах шаардлагатай. Гэтэл нум, сум маань хязгаарлагдмал тоотой. Нөгөө талаас их үнэтэй. Одоо нум 700 мянга, таван сум 100 гаруй мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг сумыг олон жил хэрэглэж чадахгүй шүү дээ. Хугарахаас авахуулаад асуудал бий.
-Сур харвааны одоогийн тогтолцоог өөрчилж, үндэсний бөх шиг эрэмбээрээ ам авч, харвадаг болгох талаар нэг хэсэг ярьсан. Миний бодлоор үүнийг хэрэгжүүлсэн бол хүмүүс илүү сонирхмоор санагдах юм. Яагаад дэмжигдээгүй юм бол?
-Тийм харваа зохион байгуулдаг л юм. Үндэсний бөх шиг амлаад, хасагдах журмаар явсаар нэг нь түрүүлнэ гэсэн үг. Гэхдээ өргөн дэлгэр хөгжихөд хэцүү л дээ. Ядаж л урамшууллын асуудал хүндрэлтэй. Ер нь харваачид уламжлалаа их хадгалдаг улс. Тиймээс дэмжихгүй л болов уу. Нэг залуу харваач наадамдаа харвах гээд ирлээ. Гэтэл нэгийн даваанд алдартай мэргэн амлаж аваад хожчихвол тэр хүний наадам дуусна. Тэгэхээр дургүйцэлгүй яахав.
-Наадам дөхөхөөр бөхчүүд галдаа гарна. Уяачид морьдынхоо уяа сойлгыг тааруулах ажилтай. Харин харваачид наадамд хэрхэн бэлддэг вэ?
-Харваачид бас л баг багаараа наадмын бэлтгэлд гардаг. “Алдар”-ын баг гэхэд одоо бэлтгэлдээ бараг гарсан байх. Харвахад тохиромжтой талбайтай амралтын газруудад гардаг юм. Орон нутгийн харваачид аймагтаа бэлтгэлээ хийж байгаад ирнэ.
-Сур харвааны сайхан нь юундаа байдаг юм бол?
-Хүн бүрт сонирхдог спорт гэж бий. Нэг хэсэг нь хөнгөн атлетикаар хичээллэж байхад зарим нь бөхийн төрлүүдийг сонирхоно. Хүн нэг харваад эхэлчих юм бол салж чаддаггүй. Сайхан шүү дээ. Ер нь харваачид нум, сумаа асар их хүндлэн дээдэлдэг. Харин сүүлийн үед залуус байт харвааг дуурайгаад нумаа хөвчлөхдөө хөлөөрөө гишгэдэг болсон байна лээ. Гэтэл манай дээд үеийн ахмадууд нум, сумныхаа дээгүүр хөлөө гаргахыг цээрлэдэг байлаа.
-Та байтаар харваж байсан уу?
-Би байт харваж үзээгүй ээ. Байтынхан олон зайд харвадаг. Тэгээд тойрог доторх оноогоо нэмж тооцно. Олон улсын харваа бас ийм маягаар явдаг юм.
40 сумнаас 36 онодог мэргэн их ховор байлаа
-Олон улсын харваа гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Нум, сумаар харвах тэмцээн олон оронд зохиогдоно шүү дээ. Ялангуяа Солонгос, Унгарт өргөн дэлгэрсэн. Хятадад бас зохион байгуулдаг. Латин Америкаас хүртэл тамирчид ирж оролцдог. Янз бүрийн нумаар харвана.
-Манайхан олон улсын харваанд оролцож байсан уу. Хэр амжилт үзүүлдэг бол?
-Тэмцээнд оролгүй яахав. Солонгост болсон тэмцээнд очоод түрүүлсэн харваачид байна. Энэ жил Солонгос, Хятадын харваачид манайд ирж харвах байх. Өвөрмонголын Шилийн гол аймагт сур харвааны тэмцээн зохиогдоход манайхан очоод медаль зүүгээд л ирдэг. Манайхаас гадна Өвөрмонгол, Буриад, Халимагт наадмаар сур харвадаг юм. Бид Улаан-Үдэд очин харваж л байлаа. Мундаг сайн харвадаг хүмүүс их бий. Хятадын өмнөд мужид болсон нэг харваанд би явсан юм. Тэгэхэд Шилийн гол аймгийнхан ирж харваж байлаа. Мундаг юм билээ.
-Та холбоонд удирдах албан тушаал нэлээд олон жил хашжээ. Энэ үед хийсэн дорвитой ажлаасаа сонирхуулбал?
-1980-аад онд нэг л сумаар харвадаг байлаа. Тэгээд харвасан сум болгоныг нь хүүхдүүд зөөж өгнө. Үүнийг өөрчилж, дөрвөн сум агсаж гардаг болгосон. Цаг хэмнэхээс гадна хүүхдийн хөдөлмөрийг хөнгөвчилж байгаа юм. Бас уралдаан тэмцээнийг цэгцэлж, янз бүрийн замбараагүй зүйлийг зогсоох гэж их оролдсон доо. Одоогийн харвадаг журам тэр үеэс тогтсон гэж хэлж болно.
-Наадмын харвааны энийг нь өөрчлөх юмсан гэж бодогддог зүйл байна уу?
-Хүмүүс янз бүрийн зүйл ярьдаг л юм. Гэхдээ одоогийн харваж байгаа нөхцөл байдал ойрын үед өөрчлөгдөхгүй болов уу. Талбайн хэмжээ, бай шагналын хэмжээ өөрчлөгдсөн. Өрдөг хасаагаа өөрчилж, багасгалаа. Энэ хэрээр оноход улам хэцүү болсон. Өмнө нь спортын мастерын болзлыг амархан биелүүлдэг байсан бол одоо хэр баргийн хүн авч чадахгүй шүү.
-Ер нь харваачид хэд орчим настайдаа амжилт гаргах магадлалтай байдаг вэ?
-Сурын харваанд насны хязгаар байхгүй. Нумаа татаж чадаж л байвал хэдтэй ч хүн харваж болно. Хараад байхад залуусын оноо сүрхий дээшилж байна. Улсад түрүүлээд байгаа харваачийн насыг харахад 25-30 орчим насныхан байна. 30-аас дээш настай хүн дээгүүр харвадаг л юм. Гэхдээ цөөхөн. Ер нь 20-30 насныхан байнга өндөр оноо авдаг шүү.