Унаач хүүхдүүд үе тэнгийнхнээсээ хамаагүй жижиг биетэй. Хэн ч харсан ил байхад үүнийг яагаад судлахгүй байна вэ?

Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Иймд “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая” бодлогын зөвлөгөөнийг зохион байгуулав.

Энэ үеэр манай улсад нийт 138 хүүхэд ажил хийдгээс 58 мянга нь аюултай хөдөлмөр эрхэлдэг гэж ҮСХ-ноос танилцуулав. 2020 оноос хойш улсын төсөвт хүүхэд хамгааллын зардалд жил бүр 8 тэрбум төгрөг зарцуулж байна. 2022 онд 317 хөдөлмөр эрхэлдэг хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлжээ. Энэ үйлчилгээнд эрүүл мэндийн, хууль эрх зүйн, хамгаалах байрны гэх мэт үйлчилгээнүүд багтдаг.

Аюултай ажил хийдэг хүүхдүүдийн дийлэнх нь хөдөөгийн хүүхдүүд. Тэд эмнэг сургах, хурдан морь унах, морь уяхад туслах гэх мэт ажил хийдэг. ХНХЯ 2022 онд 7547 унаач хүүхэд бүртгэжээ. 2020 онд хамгийн олон буюу 13519 унаач хүүхэд бүртгэсэн байна. Хэлэлцүүлэгт оролцсон, “Хөгжлийн хэлхээ” ТББ-ын тэргүүн А.Долгортой ярилцав.

-Хүүхдүүд 3 настайгаасаа морь унаж сурдаг. Унаач хүүхдүүд үе тэнгийнхнээсээ хамаагүй жижиг биетэй, давжаа байна. Хэн ч харсан ил байхад үүнийг яагаад судлахгүй байна вэ? 15 настай хүүхэд 10 настай юм шиг харагддаг. Би өнгөрсөн өвөл Архангай аймагт ажиллалаа. Унаач хүүхдүүдийг төсөл хөтөлбөрт хамруулъя гэхээр хүүхдүүд өөрсдөө их дуртай. Гэвч ээж аав, морины эзэд зөвшөөрдөггүй. Унаач хүүхдүүдийн өсөлт хөгжилд анхаарах шаардлагатай. Энэ асуудлыг олон жил хөндөж байгаа ч хүүхдийн байгууллагууд анхаардаггүй. Тусгай бодис идүүлж уулгаад байна уу гэж би харддаг.

Уяачид унаач хүүхдүүдэд хувийн өмч шигээ хандаж байна. Хичээл дуусангуут гэрээс нь очиж авчихдаг. Тэр хүүхдүүдэд өөрийгөө хөгжүүлэх цаг гаргахгүй байна. Ээж аавд нь цалинг нь өгдөг болохоор ээж аав нь ч гомдол хэлдэггүй. Унаач хүүхдүүд насаараа морь унахгүй шүү дээ.

-Та Цагаан давааны хогийн цэгт ажилладаг хүүхдүүдийг сургах, нийгэмшүүлэх ажлыг олон жил хийсэн. Төрөөс та бүхэнд ямар нэг тусламж дэмжлэг үзүүлдэг үү?
-Үгүй, манай ТТБ хоёр удаа тус бүрийн хагас жилийн хугацаатай төсөлд санхүүжилт авсан. Төсөл дуусангуут санхүүжилт зогсдог. Төслийн үр дүнгээ ч хэлэлцэлгүй дуусгачихдаг. Энэ оноос хогийн цэгт ажилладаг, сургуульд завсардсан хүүхдүүд нэмэгдсэн. Цагаан даваанд л гэхэд арваад хүүхэд бий. Тэд хогийн цэгээс хоёрдогч түүхий эд авах цэгийн хооронд мотоциклтой явцгаадаг. Улаанчулуут, Морин даваад хэчнээн хүүхэд байгааг мэдэхгүй.

Цагаан даваа анх 92 га газартай байсан бол одоо 130 га болж тэлсэн ч тэнд амьдарч ажилладаг иргэдэд зориулсан, төрийн үйлчилгээ байхгүй. Зун хогийн цэгүүд маш муухай үнэртэй, хүүхдүүд маш хортой нөхцөлд ажиллаж байна гэсэн үг. Мөн томоохон худалдааны төвүүдэд хүүхдүүд гуйлга гуйх нь элбэг. Хүмүүс ийм л байдаг гээд тоохгүй өнгөрдөг. Харин манай ТББ-ынхан тэдгээр хүүхдүүдийг дагасаар гэрт нь очдог.

Олон хүүхэд далд байдалд хөдөлмөр эрхэлдэг. Архи, пивоны үйлдвэрт хүүхэд ажиллуулж байна гэж бид мэдээлэл авсан ч цоожтой байсан тул нэвтэрч чадаагүй гэв.

Өнөөдөр болсон бодлогын хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулав. Эх сурвалж:gogo.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *