Хар сувд буюу Хагийн хар нуур

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн хойш 180 километр газарт, халдашгүй дархан цаазат Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт уулсын дунд хар сувд болон гялалзах Хагийн Хар нуур байдаг. Зам бартаа их тул хүний хөлд талхлагдаагүй онгон зэрлэгээрээ үлдсэн энэхүү нуурыг үзсэн хүмүүс шагшина.  Нууранд цутгах ямар нэгэн гол, горхи  үгүй бөгөөд усны эх ундарга нь нуурын гүнд байдаг. Мөн энэ нуурыг цаг агаарын өөрчлөлтөөс уулын мөнх цэвдэг хайлснаас үүссэн гэж үзэх нь бий. Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин километр, урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, дундаж гүн нь 1.1 метр бөгөөд хамгийн гүн газартаа 25 метр хүрдэг аж. Ийнхүү “Доошоо  хөлгүй, гүн нүх байдаг учраас  Хагийн Хар нуур гэж нэрийдсэн” хэмээдэг. Нуурын эрэгт ойртоход загас, жараахай нь харагдсан туйлын тунгалаг устай. Өвчтэй, эмгэгтэй хүн уухад анагаах рашаан болно гэлцдэг. Энэ нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга, олон төрлийн зэрлэг ан амьтан хүнээс айх аюул багатай амгалан оршдог. Хагийн Хар нуур руу машинаар дөхөж очиж болох боловч яг нуур хүртэл ойролцоогоор 60 км алхах эсвэл мориор л туулж хүрэх боломжтой. Гэвч үзэсгэлэнт байгалийн тогтцыг үзэх мэдрэмжийн хажууд энэ бол өчүүхэн төдий бартаа саад аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *