Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хангайн нурууны баруун урд хэсэгт, Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уулын нуур зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг усны их нөөц бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой Найман нуур байдгийг Хүйсийн найман нуур хэмээн нэрлэдэг. Байгалийн хосгүй үзэсгэлэнт энэхүү газар нь далайн түвшинээс дээш 2700-3165 метр өргөгдсөн галт уулсын дунд, дэлбэрэлт, тектоник хагарал, суултын дүнд үүссэн цар хэлбэрийн хүнхэр газарт байрладаг. Эргэн тойронд нь Урт жалгын тогоо, Довын тогоо, Ар битүүтийн тогоо, Ногоон нуурын тогоо нэртэй сөнөсөн галт уулын тогоонууд байдаг. Мөн нуурыг хүрээлж хус, шинэс зэрэг шилмүүслэг мод зонхилсон их хөвч тайга бүхий сүрлэг уулс бий. Тус газарт 18 зүйлийн хөхтөн, 39 зүйлийн шувуу амьдардаг төдийгүй манай улсад ховор байдаг олон төрлийн эмийн ургамал ургадаг. Хүйсийн найман нуурыг 1995 онд “Байгалийн дурсгалт газар” хэмээн зарлаж Улсын тусгай хамгаалалтад авчээ. Жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж, баруун хойноос нь ирдэг. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан, тал газраар хүрээлэгдсэн бөгөөд энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад бий.
Нуурын мандалд хөвөх сарыг ажин зогсох зуур… Айсуй цаг хугацаа болон бүхний тухай эргэцүүлэн бодно. Магадгүй Монгол орныхоо үзэсгэлэнт нууруудыг нүдээр үзэн, сэтгэлийн амар амгаланг мэдрэх нь бидний амьдралд тохиолдох бас нэгэн завшаан биз ээ.