Ө.Пүрэвбаатар: Бүртгүүлсэн хурдан морьдын 58.1 хувь буюу 853 нь хасагдсан

Өнөөдөр буюу 2020.07.30-ны өдөр Монголын Морин  спорт, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.

Тодруулбал,  Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн морины 60 орчим хувь нь хасагдаж, уяачдын хөдөлмөр үнэгүйдсэн тухай 400 гаруй гомдол уг холбоонд ирсэн байна. 

Иймд ММСУХ-ны дэд дарга Ө.Пүрэвбаатар “2019 оны нэгдүгээр сарын 24-нд холбооны VII их хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний нэг нь хурдан морины уралдааны хэрхэн зохион байгуулах тухай хэлэлцсэн.  700 гаруй уяач цуглан уг хурлаар 64.3 хувийн саналаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар тогтож, батлагдсан стандартыг баримтлан хурдан морины уралдааныг зохион байгуулахаар болсон.  Энэ дүрмийн дагуу хоёр уралдаан зохион байгуулахад ямар нэг маргаан гараагүй. Тиймээс Үндэсний их баяр наадмаараа сэрвээний өндрөөр хэмжин уралдуулъя, хэмжих явцыг нийтэд нээлттэй харуулъя гэх саналыг зохион байгуулах комисст өгсөн ч хүлээж аваагүй. Ингэснээр бүртгүүлсэн морьдын 58.1 хувь нь хасагдсан тул уяачид мэргэжлийн холбоондоо ихээр хандаж, санал гомдлоо илэрхийлж байгаа.  Ирэх онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болоход уяачид ямар морь уралдуулах нь тодорхойгүй байдал үүсээд байна” гэлээ.

Нийт хурдан морьдын уралдаанд бүртгүүлсэн 1806 морьдоос 58.1 хувь нь буюу 853 хурдан хүлэг хасагджээ. Ардын хувсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд бүртгүүлсэн, хасагдсан морьдын тоон мэдээллийг хүргэж байна. 

  • Азарга насны ангилалд 174 морьд бүртгүүлсэн боловч 70 нь буюу 40.2 хувь нь
  • Их насны ангилалд 261 морьд бүртгүүлсэн боловч 82 нь буюу 31.4 хувь нь
  • Соёолон насны ангилалд184 морьд бүртгүүлсэн боловч 106 нь буюу 57.6 хувь
  • Хязаалан насны ангилалд 286 морьд бүртгүүлсэн боловч 172 нь буюу 60.1 хувь нь
  • Шүдлэн насны ангилалд 313 морьд бүртгүүлсэн боловч 243 хувь нь буюу 77.6 хувь нь
  • Даага насны ангилалд 220 морьд бүртгүүлсэн боловч 180 нь буюу 58.1 хувь нь тус тус хасагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *