Өчигдөр буюу 2020.07.02-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Т.Гантөмөр, Хурдан морины салбар хорооны дарга БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй албаныхан Хүй долоон худагт ажиллаж баяр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.
Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэхээр төлөвлөсөн ба энэ талаар “Hero” интертаймэнтийн захирал Б.Баатар “Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа” гэдгийг баяр наадмын бэлтгэл ажилтай танилцах үеэр хэлэв.