Монголын морин спорт уяачдын холбооноос гурван жил тутамд зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-8” уралдаан өнөөдөр Хүй долоон худагт болж өндөрлөлөө. “Их хурд-8” уралдаанд өмнөх “Их хурд” уралдааны эхний 15 байрт орсон, сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан болон улсын баяр наадамд эхний 10-т хурдалсан, аймгийн наадмын айргийн тавд орсон хурдан хүлгүүд оролцох боломжтой юм.
Өмнөх уралдаануудыг ганцхан өдөрт багтаан хийдэг байсан. Тэгвэл энэ жил хоёр өдөр хийлээ. Учир нь, зөвхөн шигшмэл хурдан морьдыг шалгаруулахаас гадна “Монгол туургатны наадам” хэмээн өргөн хүрээнд зохион байгуулахаар болсонтой холбоотой гэнэ. Ингэхдээ морьтны соёлын наадмыг ММСУХ -ны сумын салбар холбоод долдугаар сарын 5-7-нд сумынхаа морьтны соёлын наадмыг хийж шилдэг уран уургач бугуйлчаа шалгаруулах, “Адуучин” тэмцээн, морьтны жагсаалаа зохион байгуулж тэндээсээ сайхан хос морьтноо тодруулсан юм.
Мөн сайхан айраг, суран хэрэглэлийнхээ үзэсгэлэнг гаргалаа. Улмаар сумаас шалгарсан нэг адуучин аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцох эрх авлаа. Харин сумаас шалгарсан гурван сайхан хос морьтон, нэг суран хэрэглэл үйлдвэрлэгчид “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-д шууд оролцох урилга гардах авлаа. Тэгвэл долдугаар сарын 15-17-нд аймгууд соёлын наадмаа хийж, аймгийн аварга шалгаруулах “Адуучин” тэмцээн болон сумдаас шалгарсан сайхан хос морьтнуудынхаа жагсаалаар баяраа чимж морьтны соёлын бусад арга хэмжээг зохион байгууллаа.
Аймгаас шалгарсан нэг адуучин “Их хурд-8” уралдаан, “Монгол туургатны морьтны соёлын наадам”-ын шигшээ тэмцээнд оролцоно, энэ нь зуны дэлгэр цагт Монголын газарт нутагт аялж буй дотоод, гадаадын жуулчид монголчуудын олон жилийн түүхтэй морьтны их соёлыг аль ч сум, аймагт очиход үзэж, таньж мэдэх таатай боломж бүрдэх гэнэ. Товчхондоо үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Их хурд-8” уралдаан том хувь нэмэр оруулах юм байна. Энэ жилээс “Их хурд”-аар зөвхөн морь уралдахыг харахгүй монгол адууны соёлыг гайхуулах томоохон хэмжээний наадам болон өргөжиж байгаа юм.