“Монгол хүү-2019” хүүхдийн баяр Хүй долоо худаг-т зохион байгуулагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн зорилт, эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Тэгвэл энэ жилийн хувьд “Монгол хүү” хүүхдийн баярыг “Гийнгоо” анхдугаар наадам нэрийн дор “Хонгорын хурд” МСУХ-той хамтран Монгол туургатны хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах зорилготойгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хүй долоон худаг”-т 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр амжилттай зохион байгуулсан юм. Тус арга хэмжээг СХД-ийн ЗДТГ, “Хонгорын шинэ эрин” ХХК нар хамтран зохион байгууллаа.

Монгол үндэсний өв соёл, язгуур урлаг, эрийн гурван наадмыг хүүхэд багачууддаа сурталчилан таниулах зорилготойгоор зохион байгуулдаг тус баяраар олон олон сонирхолтой тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом, тайзны уран бүтээлээр дүүрэн байж, Хүй долоон худгийг зорин ирсэн хүүхэд багачууд цэвэр агаарт нэгэн өдрийг эцэг, эхчүүд, анд нөхдүүдтэйгээ хөгжилдөн өнгөрүүллээ.

Мөн хүүхэд багачуудыг хөгжөөх үүднээс бүтэн өдрийн тайзны арга хэмжээ зохион байгуулагдаж, хурдан морь унаач хүүхдүүдийг алдаршуулах “Гийнгоо” хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдан дуу, шүлэг, хөгжөөнт буухиан тэмцээн, үндэсний сур харваа болон хүүхдийн бөхийн барилдаан зэрэг уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдсан юм.

Баярын өдөрлөгт хүүхэд, багачуудаа баярлуулахаар ирсэн аав, ээж, ах эгч, эмээ, өвөө нарын дунд зохион байгуулагддаг гэр бүлийн буухиа тэмцээн боллоо.

Мөн “Монгол хүү” гэрэл зургийн үзэсгэлэн, “Гийнгоо” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг бэлтгэн гаргасан юм. “Монгол хүү” хүүхийн гар зураг болон гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын урлан бүтээх төвийн хүүхэд багачуудын бүтээлээр гаргалаа.

”Гийнгоо” морь унаач хүүхдийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг ММСУХ-той хамтран 1922 оноос хойш Улсын баяр наадмын хурдан морины уралдаанд хурдан морь унан түрүүлж, айрагдаж байсан хүүхдүүдийн түүхэн гэрэл зургуудаар гаргасан юм.

Энэхүү хүүхдийн баярын арга хэмжээнд УБ хотоос үзэж сонирхохоор 1000 орчим хүүхэд багачууд “Гийнгоо аялах”, “Морины цол дуудах”, “Морины дэл сүүл хэн сайн боох вэ” зэрэг тэмцээнүүдэд оролцохоор орон нутгаас 40 орчим хүүхэд, хүүхдийн бөхийн барилдаанд 65 хүүхэд, өсвөрийн сур харваан тэмцээнд 37 хүүхэд оролцхоор ирж, нийт 2000 орчим хүүхэд хүрэлцэн ирсэн юм.

Нар хур тэгширсэн дэлгэр сайхан өдөр Хүй долоон худагт хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн хүүхэд, багачууд өвөр дүүрэн бэлэгтэй олон сайхан дурсамжтайгаар дараа жил дахин уулзахын ерөөл дэвшүүлэн сэтгэл хангалуун буцсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *