“МОНГОЛ ХҮҮ-2018” ХҮҮХДИЙН БАЯР ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Хүүхэд бүрийн аз жаргалын төлөө” уриатай “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ 5-р сарын 31-ны өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус баярын арга хэмжээнд Хүй долоон худаг орчмын сум хороод болох Төв аймгийн Аргалант сум, СХД-ын 32-р хороо, 25-р хороо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилтан, албан хаагчдын хүүхэд багачууд оролцон Хүй долоон худгийн эрүүл, цэнгэг агаарт нэгэн өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ. Энэ өдөр хүүхэд багачууд маань МХО, СХД-ын 67-р сургуулийн авьяаслаг сурагчдын тоглолтыг сонирхон, Монголын Урлан бүтээх төвийн ах эгч нараар уран зураг зурах, хайчилбар, наамал хийх хичээл заалган морь унан, үндэсний сур харвах анхан шатны мэдэгдэхүүн олж авсан юм.
Мөн эко автобусаар Хүй долоон худагтай танилцан олон төрлийн тэмцээн уралдаанд оролцон мики, маус үлгэрийн баатруудтай хөгжилдөн тоглож дурсгалын зураг авахууллаа. Баяр арга хэмжээнд оролцож буй бүх хүүхдүүдийг бүтэн өдрийн турш идэвхтэй, сонирхолтой, хөгжилтэй байлгах үүднээс зохион байгуулагч ах, эгч нараас ахлах, дунд, бага насны ангилалд үндэсний бөхийн барилдаан, унадаг дугуйн тэмцээн, 3*3 сагсан бөмбөгийн тэмцээн, дундын зайн шидэлтийн тэмцээн, дуу, шүлэг, “Аав, ээж, би” буухиа тэмцээн, гар зургийн уралдаан зэргийг зохион байгуулан байр эзэлсэн хүүхдүүдийг өргөмжлөл, медаль, гарын бэлгээр урамшууллаа. Энэ өдөр ирсэн хүүхэд бүрт байгууллагын удирдлага “Чүү чүү” хүүхдийн зурагт ном болон гарын бэлэг гардуулан баяр хүргэлээ. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл баярын арга хэмжээг хааж: “3 жил дараалан зохион байгуулагдаж буй “Монгол хүү” хүүхдийн баяр нь үндэсний өв соёл, эрүүл гурван наадмыг хүүхэд багачуудад сурталчлах нэгэн үндэсний арга хэмжээ бөгөөд бид жил ирэх тусам илүү өргөн хэмжээнд зохион байгуулан олон мянган хүүхдүүдийг хамруулах болно. Хүүхэд бүхэн аз жаргалтай байх болтугай. Дараа жил та нар минь Хүй долоон худагтаа дахин хүрэлцэн ирж баярлахыг урьж байна.” хэмээсэн юм.
Ийнхүү “Монгол хүү-2018” хүүхдийн баяр Хүй долоон худагт нар хур тэгширсэн сайхан өдөр амжилттай зохион байгуулагдаж баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүр нүүр дүүрэн аз жаргалтай, сэтгэл хангалуун буцлаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *