Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт ажиллаж, баяр наадмын бэлтгэл ажилтай 2017 оны 6-р сарын 09-ний өдөр танилцлаа. Бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна.
Энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Иймээс наадам болтол Хүй долоон худагт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахийг хориглосон байна. Харин хотын даргын зүгээс үүнд анхаарал хандуулж, цаг уурын байгууллагад үүрэг өгсөн байна. Наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах төлөвлөгөөтэй байгааг хэлсэн юм.
“Монгол наадам” цогцолборын дарга Н.Батсүмбэрэл шадар сайд, хотын дарга болон ирсэн төлөөлөгчдөд наадмын бэлтгэл ажлаа танилцуулсны дараагаар тэрээр байгууллагаа танилцуулахдаа: “Бид Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан өөрсдийн төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Хүй долоон худагт ирээдүйд нийт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах боломжтой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай болон спорт, соёлын төвүүдийг цогцлоон барьж байгуулна. Мөн цэвэр усны сан, дулаан, цахилгаан зэргийг бие даан шийдэхээр зураг төслийн ажлыг хийж дуусгасан.
“Монгол наадам” цогцолборын өнөөгийн тавьж байгаа гол зорилго бол жилийн 4 улиралд тогтмол үйл ажиллагаа явуулах юм. Мөн цаашид хүй долоон худагт дотоод, гадаад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Богдын өндөр цогцолбор”, “Нийслэлийн гэрэлт хөшөө” зэрэг шинэ төсөл хөтөлбөр санаачлан ажиллаж байна” гэлээ. Мөн Шадар сайд болон хотын даргад “Морь уналга сургалтын төв”-ийн үйл ажиллагааг танилцуулан ирсэн төлөөлөгчдийг морь унуулсан юм.
Энэ жил хүй долоо худагт наадамчин олонд зориулж 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд хүй долоо худагт наадамлах наадамчин олныг уйдаахгүй соёл урлагийн олон арга хэмжээг зохион байгуулах салбар хороо бэлтгэж байгааг Шадар сайдад танилцууллаа.
2018-11-28