Морин уралдааны өнөөгийн дүр төрхийн үндсийг тавьсан улсын нэг Англи. Шотланд, Англи, Уэлс, Умард Ирланд гэсэн дөрвөн улсын нэгдэл бөгөөд одоогоор 61 морин тойруулга тогтмол үйл ажиллагаа явуулж байдгийн тав нь Шотландад, гурав нь Уэлстэд харин үлдсэн хэсэг нь Англидаа байдаг. Английн морин уралдаан нь олон зуун жилийн түүхтэй бөгөөд морин тойруулгууд нь ч мөн олон зуун жилийн настай. Английн морин тойруулгуудаас хамгийн эртнийх нь Честерийн морин тойруулга. XVI зуунд байгуулагдсан бөгөөд 1500-гаад онд Честер орчим шашны баяртай холбоотой олон нийтийг хамарсан зугаа цэнгэл жил болгон зохиогддог байжээ. Шашины баяр дуусч 40 хоногийн турш улаан махан хоол цээрлэж, бүх төрлийн зутаа цэнгэл хориотой байсан ардууд “Их Мацаг” тайлан Честерт цуглан талцан зодолддог байсан ажээ. Энэ их зодооны үеэр олон хүн гэмтэж, цөөнгүй хүн амиа алддаг байсан тул VIII Хенри хааны тушаалаар зодооныг хориглон морины уралдаан зохион байгуулах болсноор энэхүү морин тойруулга үүссэн гэж үздэг.
Анхны уралдаан 1539 оны хоёрдугаар сарын 9-нд зохиогдсон тул энэ морин тойруулга нь 470 гаруй жилийн түүхтэй бөгөөд дэлхийн хамгийн хуучны морин тойруулгаар нэрлэгддэг. Мөн олон зууны түүхтэй морин тойруулга бол Донкастерт байдаг. Честерийнхээс 50 жилээр дүү. Морин уралдаан нь XVI зууны сүүлээс эхлэн зохиогддог болсон ч уралдаан үзэхээр олон мянган хүн цуглахтай зэрэгцэн Английн хамаг луйварчид, хулчайчид ирж байсан гэсэн шалтгаанаар хотын удирдлага хориглох гэж удаа дарааллан оролдож байсан тухай өгүүлсэн байдаг. XVII зууны эхээр морин уралдааны замыг тусгайлан тэмдэглэхийг зөвшөөрсөн бөгөөд энэ үед морин тойруулга албан ёсоор хаалгаа нээж гараагаа эхэлсэн түүхтэй. 1766 оноос хойш Донкастерийн цомын төлөөх уралдаан тогтмол явагдах болсон бөгөөд тэр цагаас өдгөө хүртэл нэг ч улирал тасалдаж байгаагүй, дэлхийн хамгийн хуучны уралдаан юм.
Йоркийн морин тойруулга нь өвөл цагт “Уэ” голын мөсөн дээр зохиогддог уралдаанаас эхтэй гэж үздэг. Анхны уралдаан 1731 онд зохиогджээ. Намагтай газрын усыг зайлуулан намгийг хатаах гэж багагүй хөрөнгө мөнгө зарсан гэдэг. Энэ морин тойруулга нь 1754 онд Англид анх удаа үзэгчдэд зориулсан тусгай индэрийг тус хотын 250 оршин суугч хүн тус бүр 5 гиней гарган байгуулж байжээ. Үүний хариуд тэдэнд тусгай зэс жетон өгч, хойшид үр удам нь ч энэ индэр дээр өөрийн гэсэн суудалтай байх эрхийг олгож байжээ. Ингэснээр хожим “Үзэгчдийн клуб” гэж нэрлэгдэх болсон индэрт тусгай суудал эзэлдэг баячуудын элит клуб үүсэх эхлэлийг тавьж байжээ. Өнөөдөр Английн морин тойруулга болгонд ийм “Үзэгчдийн клуб” байдаг бөгөөд морины уралдаан үзэхээс гадна клубын гишүүндээ маш том давуу тал өгдөгөөрөө алдартай. Англи улсад хурдан морь уралдуулах, үржүүлэх нь нийгэмд өндөр байр суурийг эзлэх чинээлэг хүмүүсийн хийдэг ажил. Йоркт болж байгаа уралдааны үзэх гэж ирдэг хүмүүсийн тоо хамгийн олон байдаг. 2007 онд уралдаан үзэхээр 42 мянган хүн ирсэн нь дээд амжилт болж байжээ. XXI зууны эхээр Английн ихэнх морин тойруулгууд шинэчлэгдэн орчин үеийн шаардлагад нийцсэн техник технологийг суурлуулжээ. 300 гаруй жилийн түүхтэй Аскотын морин тойруулга гэхэд л 370 метр урт, зургаан давхар үзэгчдийн индэртэй, бөглөрөлд орохооргүй газар доогуурх авто зам тавьжээ.
2018-11-28