ААВЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ БАЙЖ ХҮҮГ НЬ БАРАХ УУ ДАА

Хэнтий аймгийн Галшар сумын алдарт уяач Донойн Цэгмидийн Саарал азарга төл “ Бөгөн” хулыг ид хурдан байх үед нь нэгэн өвөл Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын уяачид Бөгөн хултай уралдан өөрсдийн хурдан хүлгийнхээ шандсыг сорихоор Цэгмид гуайн өвөлжиж байсан Галшарын “Сүмийн магнайн” бууцыг зорьжээ.
Энэ бууцанд нэгэн цагт хүлгийнхээ хурдаар Төв, Зүүн Монголыг доргиож байсан их уяач Хар дэл жанжин бэйс Пүрэвжав гуйх ч өвөлждөг байсан гэдэг. Олон хүн цуглажээ. Илүү гэр зайчилж галлан хүүхдүүдийг нь оруулчихаад томчууд нь их гэрт нь буудалжээ. Сар шинэ хуучирсан. Ойр хавь агент байхгүй. Цэгмид гуайнх орныхоо хөндийд хадгалсан тавхан литр монгол архитай, Өнөөхийгөө гаргах гэхээр тэр олон хүний аманд ч үгүй хамарт ч үгүй. Үгүй гэхээр амьтан ах дүүд идээнийхээ дээжийг амсуулмаар байдаг. Яая даа гэж баахан эргэлзсэний эцэст хашир өвгөн нэг ухаан сийлжээ.
Тэрээр орны хөндийгөөс тавын бидантай архиа суга татан гаргаж ирээд тэр чигээр нь зуухан дээр тавьснаа хөгшиндөө, алив энэ нэг жаахан юмыг халаагаад эдэнд амсуул. Морь мал яах вэ би янзалъя гээд гарахад гэрт нь байгсан цөм даган дэрхийн босжээ.
Цаадуул нь Цэгмидийнх бидан биданаар их архитай айл байна. Биднийг согтоож байгаад морины ажил алдуулах нь гэж хаширласан нь тэр юмсанж. Ингээд тэр хүмүүс ч архи уусангүй. Маргааш нь уралдаан эхэлж Цэгмид уяач “Бөгөн” хулаа мордуулсангүй. Харин саарал азаргаа явуулсанд хол түрүүлжээ. Уяачид, Цэгмид гуай та яагаад “Бөгөнгөө” уралдуулсангүй вэ хэмээхэд та нар аавыг нь дийлэхгүй байж хүүг нь барах уу даа хэмээн амыг нь тагласан гэдэг.
Энэ хуучийг 1974 онд Аварга Тосонгийн Рашаан дээр Донойн Цэгмид гуай Дорноговь аймгийн Өргөн сумын улсын сайн малчин Лхаажавт гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *