“Нийслэлчүүд өвлийн улиралд эрүүл, цэвэр агаарт амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин дутмаг байдаг. Хүй долоон худаг бол цэвэр агаартай зам харгуй дэд бүтэц харьцангуй тавигдсан улсын наадмын хурдан морины уралдаан болдог газар. Энэ газрыг жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаатай болгохоор “Монгол наадам цогцолбор”-ын хамт олон зорин ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Ub resort” цанын баазыг байгуулан Нийслэлчүүддээ үйлчилсэн. Тус цанын баазаар өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд 30 мянга гаруй хүн үйлчлүүлсэн байдаг. Энэхүү цанын баазын үйл ажиллагааны талаар болон Монгол наадам цогцолборын цаашдын зорилго, зорилт, шинээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн талаар тус байгууллагын Орлогч дарга Я.Болдбаатартай ярилцлаа.”
“Монгол наадам цогцолбор”-оос санаачилсан Хүй долоон худаг дахь цанын баазын төсөл амжилттай хэрэгжиж нийслэлчүүдийн амрах, аялах газар нэгээр нэмэгдлээ. Аливаа сайн зүйлийн ард байнга шүүмж явж байдаг. Танай байгууллагын хувьд хувийн хэвшлийн хийх ажлыг төр булаацалдлаа гэх шүүмжид өртсөн.
“Монгол наадам цогцолбор”-ын хувьд төр иргэддээ зайлшгүй үзүүлэх үйлчилгээг санаачилсан хэрэг. Цанын баазын менежментийн үйл ажиллагаа буюу цана, чарганы түрээс болон иргэдэд хандсан бусад үйлчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн байгууллага хийж гүйцэтгэсэн. Хүй долоон худагт зөвхөн зун наадмаар морь уралддаг гэсэн ойлголт олны дунд байлаа. Одоо бол Хүй долоон худагт өвлийн улиралд эрүүл агаарт гарч цана чаргаар гулгах, морин чаргаар зугаалах гээд бодит үйлчилгээг авдаг болоод байна. Энэ газарт өвлийн спортыг хөгжүүлж болох юм гэдгийг “Монгол наадам цогцолбор”-оос санаачилж бодит ажил болгосон.