“Талын салхи- 2015” мото фестиваль Хүй долоон худагт зохион байгуулагдлаа

“Талын салхи- 2015” олон улсын анхдугаар мото наадам 6-р сарын 6-нд Улаанбаатараас Хүй долоон худаг гэсэн маршрутын хүрээнд зохион байгуулагдлаа. Энэхүү наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын Чопперчин ахан дүүс” ТББ, “Red Falcon” мото клуб болон Ямаха тотал байгууллага хамтран ажилласан бөгөөд наадмын хамтран зохион байгуулагчаар НЗДТГ болон “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазар ажиллаа. 10 гаруй мотоцикль сонирхогчдын клуб, холбоодын 400 гаруй хүн, гадаадын болон орон нутгийн 80 гаруй сонирхогчид болон хөгжөөн дэмжигч 1000 гаруй залуус оролцсон тус наадам цаг үеийн хувьд амралтын өдрөөр залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх нэгэн чухал арга хэмжээ болж чадсан юм. Тус наадмын нээлт Нийслэлийн Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолд болсон бөгөөд тэндээсээ Чингисийн талбайг нар зөв тойроод төв замаараа чигээрээ Хүй долоон худаг дахь Монгол Наадам Цогоцолборт хүрэлцэн ирсэн юм. Наадмын хүрээнд 300-400 мотоциклийн үзэсгэлэн гаргаж, хамгийн ховор дэлхийд 20-хон байдаг мотоциклийн үзүүлэх тоглолт, уран жолоодлогын үзүүлэх тоглолт, циркийн үзүүлбэр үзүүлж сонирхуулсан. Мөн тус наадмын нээлтийн параданд МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, Асашеро Батбаяр зэрэг нийгэм, улс төрийн томоохон төлөөлөгчид нэгдэн оролцсон юм. Наадмын арга хэмжээнд хамгийн холоос ирсэн Герман, ОХУ, орон нутгийн хүндэт зочид тайзан дээр үг хэлж мэндчилгээ дэвшүүлж байлаа. Энэхүү наадамд Жонон хамтлаг, Харанга хамтлагын дуучин Лхагвасүрэн, Хурд хамтлаг, Поп наран, уран нугаралт, бүжиг, цирк, Empire, Lord, Rec on, Click click boom зэрэг хамтлаг дуучид оролцож уран бүтээлээсээ сонирхуулсан юм. Тус наадмын зохион байгуулагчдын зүгээс Хүй долоон худгийг талын салхыг жинхэнэ утгаар нь мэдрэх тал нутаг хэмээн билэгшээж ирэх жил энэ газартаа дахин уулзахын ерөөл дэвшүүлэн наадмаа өндөрлүүлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *