Өнгөрөгч өдрүүдэд Франц Улсын нийслэл Парис хот террорист халдлагад өртөж тус улс онц байдал зарлаад байна. Одоогийн байдлаар халдлагад амь насаа алдсан иргэдийн тоо 120 гаруй, гэмтэж бэртсэн иргэний тоо хэдийнэ 200 хүрээд байна. Энэхүү аймшигт хэргийг эсэргүүцэж тус улсын ард түмэнд дэлхийн улс орнуудын удирдагч, төр захиргаа, иргэд эмгэнэл илэрхийлж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагын удирдлага, албан хаагчид болон нийслэлийн иргэдийн төлөөлөл 2015 оны 11-р сарын 15-ны Ням гарагт Монгол Улс дахь Францын элчин сайдын яамны гадаа эмгэнэл илэрхийллээ.
Энэхүү ажиллагаанд “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олон оролцож мөн эмгэнэл илэрхийлэн, цэцэг өргөсөн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын үүргийг түр хамаарагч, Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвскитэй уулзаж “Танай улс аймшигт террорист халдлагад өртөж, гэм зэмгүй олон зуун хүн амь насаа алдаж, шархадсан эмгэнэлт явдал болсонд нийслэлийн удирдлагууд болон иргэдийнээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна. Нэг дэлхийн ард түмэн бид ийм аймшигт зүйл тохиолдсон хэцүү цаг үед нэг сэтгэлээр хамт байх учиртай” хэмээлээ. Үүний дараа ирсэн нийт албан хаагчид Элчин сайдын яаманд орж эмгэлэнийн дэвтэрт гарын үсэг зурсан юм