“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” хөтөлбөр 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тус хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа 5 дугаар сарын 16-нд Хүй долоон худагт болох юм байна. Унадаг дугуй анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн гэдэг. Түүхийн явцад улам бүр хөгжсөөр дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгслээр автомашины дараа орж байна. Байгаль орчинд ээлтэй иргэдийн эрүүл мэндэд тустайгаараа цаг хугацааны явцад шалгарч чадсан энэхүү тээврийн хэрэгсэл нь өнөөдөр дэлхийн улс орны хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болж чадсан юм. Манай улсад унадаг дугуй нэвтэрч эхлээд 100 гаруй жил болж байгаа ч иргэдийн өдөр тутмын тээврийн хэрэгсэл болж чадахгүй байгаа нь дэд бүтцийн асуудал дутмаг байгаатай холбоотой юм.
Жил бүр унадаг дугуйн клубууд нэмэгдэж байгаа ч тэр бүр иргэдэд хүрсэн үйлчилгээг үзүүлж чадахгүй байна. Нийслэл хотын авто зам тээврийн хэрэгсэлийн ачааллаа дийлхээ больсон энэ цаг үед иргэд унадаг дугуйг хэрэглээгээ болгохыг хүсч байгаа ч орчин бүрдэж чадахгүйгээс болоод хүслээ хязгаарлуулж байна. Нийслэл хот дотор түрээсийн үйлчилгээ үзүүлдэг цөөхөн байгууллагуудаар дамжуулж залуучууд дугуй унадаг хэдий ч эдгээр байгууллагууд дулааны улиралд ачаалал ихтэй байдаг. Залуучуудынхаа хүсэл сонирхлыг дээдлэж дэмжих үүднээс “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазар нь “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” төслийг жил бүр зохион байгуулдаг юм. Монголын дугуйн холбоо болон дугуйн бусад клубуудтэй хамтран зохион байгуулдаг энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн жил 1500 гаруй залуус цэвэр агаарт Хүй долоон худгийн 30 км замаар амжилттай аялаж зугаалсан билээ. Тэгвэл энэ жил дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлэхээр “ЭРҮҮЛ ИРГЭН-ЭКО ХӨГЖИЛ” төслийн багынхан ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн амралтын өдрөөрөө заавал очих газрыг Хүй долоон худаг болгох үүднээс амралтын өдрүүдэд автобусаар үйлчилэх юм байна. Энэ жил хөтөлбөрийн үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс үндэсний сурын талбай, морин тойруулгын цэг, сагсан бөмбөгийн талбай, гэр бааз зэрэг олон үйлчилгээг шинээр нэвтрүүлээд байна. Хүй долоон худагт амарч зугаалангаа дээрх бүх үйлчилгээг хамгийн хямд үнээр авч болно гэдгийг нийслэлийн иргэддээ дуулгахад таатай байна.
2018-11-20