“Шилмэл мал-2014” арга хэмжээ Хүй долоон худагт боллоо

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулан худалдаалах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг сурталчилан олон нийтэд таниулах зорилго бүхий “Шилмэл мал-2014” арга хэмжээ 9-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд “Хүй долоон худаг” дахь “Монгол Наадам Цогцолбор”-т зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол улсад үржүүлж буй үржлийн шилмэл малыг шалгаруулан, үнэ хаялцуулах дуудлагаар худалдаалахын зэрэгцээгээр гэрийн тэжээвэр амьтад болон монгол нохойн үзэсгэлэн, үндэсний дээл, хувцас, мал аж ахуйн тоног хэрэгслэл, ном товхимол, малын тэжээл, эм бэлдмэл, цагаан идээний үзэсгэлэн худалдаа болов.
Үзэсгэлэн худалдаанд нийслэл хот болон 17 аймгийн 527 толгой мал, 50 толгой гахай, тэжээвэр амьтан оролцсноос Багануур дүүргийн “Цагаан тун эрдэнэ” мал эмнэлгийн харъяа 4-р хорооны малчин Ж.Баттулгын “ Хос зогдорт” үүдрийн 4.5 настай буур таван хошуу малын төрөлд “Шилмэл мал “–аар шалгарсан нь тус дүүргийн мал, амьтны эрүүл мэнд, удам угсааг сайжруулахын тулд ажиллаж буй малын эмч, мэргэжилтнүүд, малчдын хөдөлмөр бүтээлийн үр шим юм. Мөн энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Франц Улсаас 20-иод аж ахуй нэгж урилгаар оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *