Монгол Наадам Цогцолборын сар шинийн золголт Хүй долоон худагт боллоо

XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн тавны бэлэгт сайн өдөр Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазрын хамт олон сар шинийн золголтоо үндэсний ёс заншлаа дээдлэн Хүй долоон худагт байрлах бүрэн сийлбэртэй их 10 ханатай Монгол гэртээ хийлээ. Золголтод байгууллагын удирдлага, албан хаагчид болон мөн урилгаар СТА Ш.Самбуу, Үндэсний хөгжмийн зэмсэг урлаач С.Баярсүрэн, СУИС-ын Монгол хөөмийн ангийн 3-р курсийн оюутан Д.Буянтөлх нар хүрэлцэн ирж баярын түрлэг болгон ая дууны мэнд хүргэлээ.

Золголтын дараа Морин хуур урлаач С.Баярсүрэн Хүй долоон худаг дахь оффисийн хашаа дотор байрлах шинээр баригдсан бүрэн сийлбэртэй 10 ханатай Монгол гэрийн жаврыг үргээн “Морины татлага” хийн өөрийн урласан мастер морин хуураа тус байгууллагад хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм.

Тэрээр “Морио дээдлэн хүндэлдэг морьтон заяат Монгол түмнийгээ наадуулан цэнгүүлэх их үйлст ханцуй шамлан зүтгэж буй Монгол Наадам Цогцолборын хамт олонд болон Хүй долоон худгийн ногоон дэнж дээр өөрийн гараар урласан мэргэжлийн морин хуураа бэлэглэх гэж байгаадаа баяртай байна аа, хүндэтгэн дээдлэн залж яваарай” хэмээн хэлсэн юм. Үндэсний хөгжмийн зэмсэг урлаач С.Баярсүрэнгийн хувьд 2014 онд Дэлхийн мэргэжлийн морин хуур урлаачдын тэмцээнд оролцон 3-р байранд орсон чадварлаг залуу уран бүтээлч юм.
Дараа нь СУИС-ын оюутан Д.Буянтөлх тус морин хуураар Алтайн магтаал, Чандмань уулын ерөөл, Чингис хаан зэрэг магтаал айлдаж шинэ гэрийн жавар үргээн төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *