Өнгөрсөн 2-р сарын 08, 09-ний өдрүүдэд Монгол Наадам Цогцолбор ОНӨТҮГазрын дарга П.Цогтбаатар, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн Соёл урлагийн газрын мэргэжилтэн Н.Гантуяа нар Япон улсын Саппоро, Асахикава хотуудад томилолтоор ажиллав. Томилолтын зорилго нь Саппоро хотод 1950 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй зохион байгуулагдаж байгаа “Sapporo Snow Festival” буюу “Саппорогийн цасны баяр”-ын менежменттэй танилцан туршлага судлах мөн Саппоро хотын захиргааны Аялал жуулчлал, Гадаад харилцааны дарга төлөөлөгч нартай уулзаж санал бодлоо хуваалцах, Асахива хотын удирдлагуудтай уулзалт хийх, тус хотын дунд сургуулиудтай танилцан туршлага солилцох, сурагч солилцооны талаар хэлэлцээр хийх зэрэг байв.
Төлөөлөгчид эхний өдөр Саппоро хотын захиргааны Аялал жуулчлал, төлөвлөлтийн албаны дарга Китагава Кэнжи, Гадаад харилцааны хэлтсийн дарга Такэто Эмото, Саппоро хотын захиргааны Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга хатагтай Чикаго Гото нартай уулзалт хийв.
Уулзалтын үеэр байгаль, цаг уурын ижил нөхцөлтэй 1,9 сая хүн амтай Япон улсын 4 дэх том хотын хөгжлийн асуудлууд түүний дотор өвлийн аялал жуулчлалын асуудлыг хөндөж ярилцаж тус хотын захиргаанаас аялал жуулчлалын хөгжлийн болон төлөвлөлтийн талаар танилцуулга хийв. Уулзалтын дараа Саппоро хотын 66 дахь удаагийн цасны баярыг үзэж танилцав. Долоо хоногийн турш зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь Япон улсын өвлийн хамгийн том арга хэмжээ ажээ. Тус цасны баярын давуу тал нь талбай хуваарилалт хийн хотын иргэд, албан байгууллага болон гадаад улс орны багуудад өөрсдийн сонгосон сэдвээр бүтээл урлах боломж олгодог байна.
2 дахь өдөр нь төлөөлөгчид Саппоро хотоос 137 км зайд орших 352 мянган хүн амтай, Хоккайдо арлын хоёр дахь том хот болох Асахикавад хүрэлцэн ирэв. Тус хотод Асахикава хотын захиргааны Бодлого боловсруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Масахиро Акаока, Ус сувгийн удирдах газрын дарга Нобумаса Кигучи, Орон нутгийн хөгжлийн хэлтсийн дарга Таканори Убагай, Бодлого боловсруулалт, төлөвлөлтийн хэлтсийн хотууд хоорондын солилцооны алба хариуцсан орлогч дарга Яасухико Сугавара, Барилгын газрын дарга Наоюки Канно нартай уулзалт хийв
Тус уулзалтаар хотын найрсаг харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлал, соёлын болон оюутан, сурагч солилцоо, хотын хөгжлийн асуудлаар ярилцаж санал солилцов. Дараа нь Асахикава хотын орлогч дарга Масакацу Окада болон тус хотын удирдлагуудтай уулзалт хийн хоёр хотын хамтын ажиллагааг аялал жуулчлал, боловсролын салбарт өргөжүүлэх хүсэлтүүдээ илэрхийлэн санал солилцлоо. Уулзалтын дараа Асахикава хотын Токива дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцав.
09-ний өдрийн үдээс хойш тус хотын Аялал жуулчлалын газрын дарга Юкитоши Шинада хүлээн авч Асахикава хотын Токива паркд зохиогддог өвлийн баярын арга хэмээгээ танилцуулав. Энэхүү арга хэмжээний онцлог нь хотын гудамжуудыг цэвэрлэсэн цасаар цогцолбор байгуулдаг явдал байв. Жил бүрийн цасны баярыг цэргийн албан хаагчдын хүч оролцоотойгоор хийж, иргэдийнхээ амралт чөлөөт цагийг өнгөрүүлдэг гэнэ. Цасны баярт оролцсоны дараа Камикава хотын Хё-Баку мөсөн урлалын үзмэртэй танилцан мөсөн байгууламж хийх арга технологитой танилцлаа. Камикавагийн тусгай хамгаалалттай газар нутаг нь Налайх дүүргийн 5, 6-р хороо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай байгалийн нөхцөлийн хувьд ойролцоо байх бөгөөд халуун рашаан, Ками голын савд байгуулсан мөсөн байгууламжуудаар Япон, Хятад, Солонгосын жуулчдыг олноор татдаг байна.
Энэхүү албан томилолтоор хотуудын хоорондын харилцааг аялал жуулчлал, соёл урлаг, боловсролын салбарт өргөжүүлэх талаар уулзалтууд хийж, Япон улсын өвлийн аялал жуулчлал хөгжүүлж буй байдалтай танилцан Улаанбаатар хотод нэвтрүүлэх боломж, нөхцөлүүдийг судалсан үр дүнтэй уулзалт боллоо.