МЭНДЧИЛГЭЭ
МОНГОЛ ТҮМНИЙХЭЭ АМАР АМГАЛАНГ АЙЛТГАЯ !
Хүй мандлын сэрүүн дэнжид хурдан шандаст хүлгүүд нь уралдаж, эрэмгий хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан барилдаж, эрдэмт мэргэн харваачид нь цэц сорин өрсөлдөж энэ бүгд байж эрийн гурван наадам болдог. Монгол наадам нь хүн төрөлхтний соёлын салшгүй нэг хэсэг бөгөөд 2010 онд НҮБ-ын боловсрол, соёл шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн нь монголчууд бидний бахархал юм. Түүхэн уламжлалаа сэргээн хадгалж, өв соёлоо дээдэлсэн түмэн олны хүсэл зоригийг эрхэмлэн их бүтээн байгуулалт хийж хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 99-р тогтоолоор “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ыг байгуулсан. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны 225 дугаар тогтоолоор “Монгол наадам цогцолбор”-ын хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөөг гарган батлуулж их бүтээн байгуулалтын эхлэл тавигдсан. “Монгол наадам цогцолбор”–т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, түүнчлэн Монгол орныг Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгох зорилт тавьсан.Тус зорилтын хүрээнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ыг олон улсын жишиг, стандартад нийцсэн Үндэсний Соёл, Спорт, Аялал жуулчлалын цогцолбор бүхий эко ногоон хотыг бий болгохоор ажиллаж байна.