Бөхийн барилдаан монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхчүүд барилдахдаа жин, насны ялгааг үл харгалзах бөгөөд тохой, өвдөг, толгой, биеийн аль ч талаар газарт хүрвэл унасанд тооцдог байна. Улсын баяр наадамд 256, 512, 1024 бөх, орон нутгийн чанартай наадамд 32, 64,128, 256 бөх барилддаг. Улсын баяр наадмын тухай хуулинд зааснаар тав давбал начин, 6 давбал харцага, 7 давбал заан, 8 давбал гарьд, 9 давбал арслан, 10 давбал аварга цол олгодог. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд малгай, зодог, шуудаг, гутал, гутлын боолт юм.
Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс уян шавхруулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азрага, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг уралдуулдаг. Их насны морьдыг барагцаалбал 25-30 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-13 насны буюу ихэнхдээ 6-8 насны хүүхэд унаж уралддаг болно.
Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг (сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Мөн сур харвах үед уухайлдаг. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол, чимэг олгодог. Монгол сурын харваа нь Халх, Урианхай, Буриад сурын харваа гэсэн төрлүүдтэй. Монголын ард түмний баяр, цэнгэлийн манлай нэрийн хуудас болсон монгол наадам 2010 онд “Хүн төрөлхтний СББӨ-ийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэн тунхаглагдсан билээ.
Үндэсний Их Баяр наадмын Хурдан морины уралдаан
2017, 2018 оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг “Хүй долоон худаг”-т тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг байгууллагын даргаар удирдуулсан баг хамт олон амжилттай зохион байгуулсан. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийт 49 зүйлтэй ажлын төлөвлөгөө боловсруулан Хүй долоон худаг дахь тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээ, зохион байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд амжилттай хийж гүйцэтгэсэн. Байгууллагын дарга Н.Батсүмбэрэл 2017, 2018 оны ҮИБН-ын Хурдан морины салбар хорооны гишүүнээр ажилласан.
“Хүрээ цам- Даншиг наадам” шашин соёлын наадам
2018 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулагдсан “Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын бэлтгэл ажилд зориулан “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазар нь 62 зүйлтэй ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажилласан. НЗДТГ-аас гаргасан “Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр “Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГ-ийн дарга Н.Батсүмбэрэл ажиллаж байгууллагын удирдах ажилчид 6 салбар хороонд гишүүнээр хуваарилагдан үүрэгт ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Хүй долоон худгийг жилийн 4 улиралд тогтмол үйл ажиллагаатай болгох, Үндэсний спорт, соёл аялал жуулчлалын төв болгох зорилтын хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас санаачлан 3 дэх жилдээ зохион байгуулж байгаа “Айраг фестивалийг” 2018 оны 10 дугаар сарын 27-нд Хүй долоон худагт зохион байгууллаа. Энэхүү баярын хүрээнд Монголчуудын уламжлалт ундаа болох айрагны ач холбогдол, давуу талыг Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудад таниулж, айрагтай холбоотой ёс ёслол, зан үйлүүдийн таниулан сурталчлан нийт 600 гаруй иргэдийг хамруулан зохион байгууллаа. Тус фестивалийн хүрээнд Хамгийн сайхан айраг, дуутай хуруу, дэмбээ, хуруу хамгийн их айраг уугч зэрэг айрагтай холбоотой зан үйлийн үзүүлэх тоглолтийг зохион байгууллаа. Мөн Монголчуудын уламжлалт тоглоом наадгай өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үүднээс шагайн харваа, Үндэсний сурын харваа, Морьт сурын харваа зэрэг үзүүлэх тоглолт болон сонирхогчдийн дунд дахь тэмцээн уралдаануудыг зохион байгуулагпсан.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-Эко хөгжил” спорт өдөрлөг 5 дахь жилдээ “Хүй долоон худаг”-т 05 дүгээр сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус спорт өдөрлөг нь Нийслэлийн иргэд, хүүхэд залуусыг Хүй долоон худгийн эрүүл цэвэр агаарт спортоор хичээллэх орчныг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад эрүүл мэндийн боловсрол олгох, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулагддаг. Уг спорт өдөрлөг нь тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд иргэд олон нийтэд хэдийнээ танил болоод байгаа юмаа. Жилээс жилд өргөжин иргэд хэдий нь мэддэг болж байгаа тус спорт өдөрлөгийг хүн болгонд хүргэх үүднээс дүүргүүдийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдаас гараагаа эхэлж байна. Энэ жилийн хувьд СХД-ийн ЗДТГ болон тус дүүргийн Биеийн тамир, Спортын хороо мөн тус дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран дүүргийн Ерөнхий боловсролын нийт 15 сургуулийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөсөн. Хамрагдсан байдлын хувьд 3 сургууль тусгайлсан шалгалттай оролцох боложгүй хэмээн мэдэгдсэнээр нийт 12 сургуулийн ахлах ангийн 400 гаруй сурагчдыг хамруулан зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.2-т заасан “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв болгох” заалтын хүрээнд “Хүй долоон худагт монгол үндэсний хэв шинж маягийг агуулсан, эрийн гурван наадмын өв соёл, ёс заншлыг сурталчилсан үндэсний соёл, урлагийн тоглолтыг жил бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулан гадаад, дотоодын зочид төлөөлөгчид болон жуулчдад хүргэх ажлын хүрээнд “Тал нутгийн чимээ-2019” үндэсний урлагийн тоглолтыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа. Тус урлагийн тоглолтын гол зорилго нь “Монгол наадам” үндэсний соёл, урлаг, спортын цогцолборын ирээдүйн төлөвлөлт, бүтээн байгуулалт, хэтийн зорилгыг олон нийтэд танилцуулах мөн Хүй долоон худгийн сэрүүн сайхан талд нар жаргах үеэр монгол үндэсний язгуур урлагийн шилдэг номеруудыг монгол улсад ажиллаж, амьдарч байгаа болон мөн аялалын журмаар ирсэн гадаадын иргэд, жуулчдад үзүүлж сонирхуулах, түүгээр дамжуулан Хүй долоон худгийн ерөнхий төлөвөлөгөөг танилцуулан бизнесийн олон талт хамтрагч татах зорилготой байсан. “Тал нутгийн чимээ- 2019” үндэсний урлагийн тоглолт нийт 3 цаг үргэлжилсэн бөгөөд тоглолтонд үндэсний язгуур урлагийн шилдэг номерууд болон улсын циркийн уран нугаралтын үзүүлбэр, монголын үндэсний загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, монгол уран бичлэг буюу каллиграф бичгийг сурталчилах үзүүлбэр зэргийг багтааж өгсөн юм.